Ном уншина гэдэг дэндүү бүтээлч ажиллагаа юм шиг санагдаад байдаг юм. Учир нь бид номыг уншиж байхдаа үйл явдал болгоныг нь өөрийнхөөрөө санаандаа дүрсэлж, магадгүй гол дүрын бүсгүйг ямар эмэгтэй байлгах вэ, яаж стиль имиджийг нь бүрдүүлэх вэ гэх мэтчилэн бүтээлчээр бодож, зохиол дээр задаргаа хийж ажиллаад байгаа ч юм шиг. Киногоор яривал ном уншиж байхдаа бид бичигдсэн зохиол дээр найруулагч, зургын дарга, зураач, , зураглаач, стилист, нүүр хувиргагч гээд бүгдийг нь өөрөө, өөрийнхөө сэтгэл дотор, төсөөлөлдөө хийж, бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээчихдэг юм шиг. Тэгээд түүнээсээ хамгийн сайхан мэдрэмжийг авна гэдэг хийсэн ажлынхаа үр шимийг хүртэж байгаатай ижилхэн санагдаад номоо уншиж дуусчихаад хэсэгтээ л хөөрөөд, баярлаад, бахархаад байдаг байх.
Номын тухайд зүгээрэл гайхалтай гэдэг ганцхан үгээр дүгнэе! Тэр чигтээ л бодрол, ухаарал байлаа. Нобелийн шагналт энэ аугаа бүтээлийн талаар би олон үг хэлэх нь дэндүү илүүц биз, хүн бүхнийг уншаасай гэж хүсэж байгаагаа л хэлье.
Нойроо хасаж уншсан номондоо харамсахгүй байх, хамгийн ихээр сэтгэлд үлдсэн дүрслэл санаанаас гарахгүй хэдэн өдөр дамнан бодогдох, номын өгүүлэл бүрийг өөрийнхөөрөө сэтгэлдээ буулгаж, түүнийгээ төсөөлж, тэр төсөөлөлдөө хэсэг ч болтугай амьдрана гэдэг номноос авч болох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг байдаг. Ийм сайхан бүтээлийг эх хэл дээрээ унших боломжийг олгосон @monsudar хэвлэлийн газар, орчуулагч Л.Сугиррагчаа нарт баяралалаа.
Comments
Post a Comment